Нүүр > Мэдээ мэдээлэл > Шинэ мэдээ
Хэвлэх хувилбар
Туул голын сав газрын захиргаатай байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийн байдлыг дүгнэн, 2016 оны төлөвлөгөөгөө хамтран баталлаа.

Байгаль орчны багц хуулиуд, Тусгай хамгаалалттай газар нутгийн болон Усны тухай хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүн амын эрүүл аюулгүй орчин амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, усны нөөцийг нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас 2015-2016 онуудад Туул голын сав газрын захиргаатай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан билээ.

 Тус санамж бичгийн хүрээнд 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаас дурьдвал:

2015 оны Усны тоо бүртгэлийн ажлыг Сав газрын хэмжээнд зохион байгуулахад Хан Хэнтийн дархан цаазат газар нутгийн 98973,3 га талбай нь Туул голын сав газрын хил хязгаартай давхцаж байна. Тухайн давхацсан талбайд 49 гол горхи, 12 нуур тойром тоологдоод байна.

 Туул голын сав газрын захиргаанаас 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Гачууртаас Сонсголонгийн гүүр хүртэл Туул голын эрэг дагуу 33.0 км урт, 500м өргөн зурвас газрыг цэвэрлэх, цэвэрлэгээний ажил зохион байгуулсан. Уг цэвэрлэгээнд БОНХАЖЯ-ны харьяа бүх байгууллагууд тухайлбал Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа болон “Номин констракшн” ХХК-ний ажилтнууд, Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Монголын бурхан шашны их сургуулийн оюутнууд зэрэг 300 гаруй хүн оролцсон. Хан-Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх 3.5 км газрын ахуйн хог хаягдал болон шашны зан үйлийн улмаас мод, бутанд ихээр уясан хадаг яндар, хийморийн дарцагийг цэвэрлэсэн. Тухайн цэвэрлэгээний ажлаар нийт 40 гаруй тонн хог, хаягдлыг цуглуулан Улаанчулуутын хогийн цэгт хүргэж асгасан бөгөөд цэвэрлэгээний явц, үр дүнгийн талаар хэвлэлийн мэдээ бэлдэж UBS, TV5, MNB телевизүүд, news.mn цахим хуудас, Facebook сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хийсэн.


 2015 оны 09  дүгаар сарын  04-06-ны өдрүүдэд ДЦГ-ын хилийн цэсийн дотор жийп авто машины бартаат замын уралдаан зохион байгуулагдах гэж байгаа талаар ард иргэдээс ирсэн мэдээлэл болон цахим хуудаснаас авсан мэдээллийн дагуу Шуурхай баг, орон нутгийн цагдаагийн хэсэгтэй хамтран дархан газрын хил, орчны бүс бүхий газарт ажиллалаа. Шалгалтын бүрэлдэхүүнд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Энхээ, Ерөө хэсгийн ахлагч Г.Нацаг, БОХУБ Ж.Бекбаатар, шуурхай багын жолооч А.Амармэнд, Туул хэсгийн байгаль хамгаалагч С.Ганзориг, Л.Даваадорж, Эрдэнэ сумын цагдаагийн хэсгийн ахмад Б.Нэргүй, ахлах ахлагч С.Доржсүрэн, Б.Батаа нар оролцож, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туулын эх, Галтай булнай, Бэрхийн даваа, Юүдэгийн даваа, Хаг Туулын бэлчир-Хэсү зэрэг газар нутаг хамрагдав.


Хан Хэнтийн ДЦГ нутаг болох Хаг Туулын бэлчир, Хэрхрүү бартаат замын уралдаан “Зэрлэг 4х4” зохион байгуулагдахаар 09 сарын 04-ны өглөө Sky төвд цугларсан жийп автомашинуудын уралдааны цуваа хөдлөхөөр товлосон байсан тул бүхий иргэдтэй хамгаалалтын захиргааны шуурхай баг, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд хамтран  мэдэгдэл хийлээ.

 Энэ үеэр тус уралдааныг зохион байгуулагч иргэн Б.Ганболдод Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны даргын мэдэгдэл бүхий албан тоотыг өгч, хууль тогтоомж зөрчихгүй үйл ажиллагаагаа явуулахыг анхааруулсан.Энэхүү үйл ажиллагаанд Мөрдөн байцаах газрын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх 6-р тасгийн төлөөлөгчид, Туул голын сав газрын захиргаа, Ийгл телевизыг байлцуулан, 90 гаруй автомашин 350 орчим иргэдийг хамарч буй “Зэрлэг 4х4” тэмцээн зохион байгуулж буй төлөөлөгчтэй уулзан тэмцээн болох маршрутыг өөрчлөх арга хэмжээ авлаа.


Тус уралдааныг зохион байгуулж буй удирдлагуудтай тохиролцсны дагуу Хан Хэнтийн Дархан цаазат газрын орчны бүсэд бартаат замын уралдаан зохион байгуулах болсон тул 2015 оны 09-р сарын 04–ны өдөр шуурхай багийн бүрэлдэхүүн уралдаан болох газарт очиж, Хан Хэнтийн дархан цаазат газарт нэвтрүүлэхгүй байх талаар харилцан ярилцаж, газар дээр нь хяналт тавин ажиллалаа. Үүний үр дүнд дээрх уралдааныг ДЦГ-т явуулахгүй байх арга хэмжээ  авч,Усны тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль,  дүрэм журамтай зөрчилдөж байгааг тайлбарлан танилцуулж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, замбараагүй зам гаргахгүй байлгах арга хэмжээ авч  ажиллаж чадлаа.

             2016 онд  2 тал хамтран дараахь ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Үүнд:

  • Усны тоо бүртгэлийг хамтран зохион байгуулж, улсын болон сав газрын мэдээллийн санд оруулах, нэр нь тодорхойгүй гол горхи, нуурыг нэршүүлэх;
  • Туул голын эхэнд ойжуулалт хийх, зурагжуулах; 
  •  Ус ашиглалт, усны бохирдолтой холбоотой мэдээллийг тогтмол солилцож байх;
  •  Туул голын эхэнд минж нутагшуулах ажлыг хамтран зохион байгуулах;
  • Хаг-Туулын бэлчирт байрлах харуулын постонд Туул гол болон сав газрын үйл ажиллагааны тухай мэдээлэл бүхий самбар хэвлүүлж байршуулах;
  • Сав газар болон тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд сургалт, сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах зэрэг болно.

 

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo